22/08/2026
“Баскийн жижиг тосгоноос Анфилд хүртэл”
Хүсэн хүлээсэн Английн Премьер лигийн шинэхэн улирал хөшгөө нээх гэж байна. Агуу Клоппын эрин төгсөж, Слотын үе өндөрлөлөө. Харин бид одоо Андони Ираолатай хамт ирээдүйгээ бичихээр зэхэж байна. Ингэхэд бид шинэхэн дасгалжуулагчийнхаа талаар хэр их зүйлийг мэдэх билээ? Премьер лигийн Борнмут клубыг давгүй удирдсан эчнээ танил дасгалжуулагчийнхаа талаарх нийтлэлийг бэлтгэснээ хүргэж байна.
Андонигийн тоглогчийн замнал
Испанийн хойд хэсэгт Баскуудын нэг жижигхэн хот бий. Усурбил хэмээх нэртэй маш үзэсгэлэнтэй, нам гүмхэн хотод 1982 оны 6 сарын 22-нд Андони Ираола мэндэлжээ. Баскуудын хувьд хөлбөмбөг гэдэг энгийн нэг спорт биш. Хөлбөмбөг бол тэдний identity, соёл гэж хэлэхэд буруудахгүй. Баскуудын бахархал бол Атлетик Билбао клуб. Энэ клубт зөвхөн Баск үндэстнүүд, эсхүл Баскийн бүс нутагт төрсөн, орон нутгийн хөлбөмбөгийн академид суралцагсад л Билбаогийн төлөө тоглох ёстой. Энэ дүрэм хэрэгжээд 100 гаруй жил өнгөрсөн, өөр бусад улс орноос тоглогч худалдан авч багаа хүчирхэгжүүлэхгүй, тоглогчдыг сонгох хүрээ нь хэтэрхий давчуу хэдий ч тэд энэ үзэл баримтлалаасаа одоог хүртэл урваагүй юм. Хэдийгээр Атлетик Билбао клуб Реал Мадрид, Барселона шиг ээлжлэн ноёлж, Европ дахинд алдар цуугаа мандуулаагүй ч гэлээ Ла лигээс хэзээ ч доош унаж байгаагүй. Испанийн хөлбөмбөгийн түүхэнд дээд лигээсээ унаж байгаагүй 3-хан баг бий. Билбао болон мэдээж “хоёр аварга загас” билээ.
А.Ираола нь 8 настайдаа орон нутгийн Антигуоко хүүхдийн клубт элсэн оржээ. Хамгийн сонирхолтой нь тус клубт Шаби Алонсо, Микел Артета нартай хамт суралцдаг байв. Өдгөө энэ гурав Английн гурван том клубын ахлах дасгалжуулагчийн дүрээр хоорондоо үзэлцэх гэж байна гэдэг нь ёстой л хувь заяаны тохиол гэлтэй. Андонигийн хувьд Баск хүүхэд бүрийн мөрөөдлөө илүүд үзэж, Атлетико Билбао клубээ сонгосон. Харин Алонсогийн хувьд Реал Сосьедад руу, Артета нь Барселона руу явах сонголтыг хийсэн байдаг. Андони Ираола нь 2003 онд үндсэн багийн төлөөх дэбют тоглолтоо Барселонагийн эсрэг хийж байв. Яг энэ цаг үед Эрнесто Валвердэ ч Билбаогийн дасгалжуулагчийн хувиар анхны тоглолтдоо оролцож байжээ.
Андони Ираола нь баруун жигүүрийн хамгаалагчийн байрлалд тоглодог. Билбаогийн төлөө 12 улирал хүчин зүтгэхдээ, 500+ тоглолтод оролцсон байдаг. Сонирхолтой нь 2013 онд Брендан Рожерс түүнийг Ливэрпүүлд авчрахаар оролдож, энэ наймаа бүтэхэд маш ойрхон байсан гэдэг. Гэвч эцсийн шийдвэрийг мань эр өөрөө гаргаж, төрөлх багтаа үлдэх сонголтыг хийсэн юм. Тэр Билбаогийн ахлагч байсан, бас болоогүй 38 гоолыг албан ёсны тоглолтод оруулж байжээ. Ингээд карьерийнхаа төгсгөлд буйр сэлгэхээр болж, 2015 онд Америкийн Нью-Йорк Сити багт очив. Тус багт Андре Пирло, Фрэнк Лампард нар тоглож байсан шүү дээ. Ингээд 2016 оны 11 сард тэр тоглогчийн замналаа албан ёсоор өндөрлөх шийдвэрийг гаргалаа.
Тэр хэдийгээр Шаби Алонсо, Микел Артета нар шиг дэлхий даяар алдартай тоглогч болж чадаагүй ч Баск үндэстнийхээ бахархалт хүү болж чадсан юм. Мэргэжлийн тоглогчийн замналдаа албан ёсны 660 тоглолтод оролцсон байна, бас Испанийн шигшээ багт дуудагдаж, 7 тоглолт хийгээд амжжээ.
Андони Ираоло нь мэргэжлийн тоглогч болохын хажуугаар сурч боловсрохдоо ч давхар анхаардаг байжээ. Тэр их сургуульд хуульч мэргэжлээр суралцдаг байсан бөгөөд 3-р курс хүртлээ хичээллэсэн ч мэргэжлийн хөлбөмбөгтөө илүү их анхаарал хандуулах ёстой гэж үзээд сургуулиа орхихоор шийдсэн гэнэ.
Андонигийн дасгалжуулагчийн замнал
А.Ираола нь дасгалжуулагчийн замналаа 2018 онд эхлүүлжээ. Киприйн АЕК Ларнака гэх даруухан багаас эхлүүлсэн түүний дасгалжуулагчийн дэбют тийм ч дардан байсангүй. Уг нь Киприйн Супер цомд хожиж, улирлыг боломжийн эхлүүлсэн ч Кипр дэх түүний аялал ердөө хагас жил л үргэлжилжээ. Тэр 2019 оны 1 сарын 14-нд халагдав.
Тэр Испанидаа буцаж ирлээ. 2019 оны 7 сард Сегунда лигт (Испанийн хөлбөмбөгийн хоёрдугаар дивизион) дэвшин гарч ирсэн Мирандес клубтэй гэрээ байгуулав. Тэд лигтээ боломжийн л тоглож байлаа. Харин Андонигийн залуус Copa del Rey буюу Испанийн эзэн хааны нэрэмжит цомын тэмцээнд жинхэнэ шуугианыг тарьсан. Тэд Ла лигийн Селта Виго, Севияа, Вияареал гэсэн гурван том багийг дараалан буулган авч, Эзэн хааны цомын тэмцээний хагас шигшээ шатанд үлдэж чадлаа. Тус клуб нь 100 жилийн түүхэндээ Цомын тэмцээний семи финалд өмнө нь ганц л удаа үлдэж байсан гэнэ. Ингээд “Үнсгэлжингийн үлгэр” энд хүрээд зогсож, хагас шигшээд тэд Реал Сосьедадад дийлджээ. Одоогийн Ливэрпүүлийн довтлогч Александр Исак тэр үед Реал Сосьедад клубт тоглож байсан юм.
Андонигийн Испани дахь анхны улирал муугүй л өнгөрөв. Гэтэл түүнд Мадридын Райо Валлекано клубээс дуудлага ирлээ. Мань эр зөвшөөрөв. Тухайн үед Райо Валлекано нь Мирандестай адил мөн Сегунда лигт тоглож байсан баг шүү дээ. Андони тэднийг буцааж Ла лиг рүү дэвшүүлнэ гэж амлалт өгч, нэг жилийн гэрээ байгуулсан бөгөөд хэлсэн амлалтдаа ч хүрсэн байна. Гэрээгээ ч дахин сунгаж, Ла лиг дэх аяллаа эхлүүллээ. Доод лигээс орж ирсэн багууд голдуу л хамгаалж тоглодог бол Андони тийм зүйл хүссэнгүй. “Iraola ball” гэдгийг тэр Испанид харуулж эхэллээ.
Өндөр прессинг, хурдан шилжилт, сөрөг довтолгоо... Тэд өрсөлдөгчдөөсөө үл айх мэт тоглолтыг үзүүлж байлаа. Маш бага төсөвтэй, үргэлж аваргын төлөө өрсөлдөх санхүүгийн боломжгүй Райо Валлекано клуб Ла лигт дэвшин гарсан улиралдаа Реал Мадрид, Барселонаг буулган авч, шуугиан тарьсан юм. Мөн тэд Копа дэл Рэй-н хагас шигшээд үлдэж чаджээ. Хэдийгээр цом хүртээгүй, хүснэгтийн дундуур байрлалд улирлыг дуусгаж байсан ч Андони Ироала гэдэг нэрийг хөлбөмбөгийн ертөнц мэдэж авсан байдаг.
2023 оны 2 сард Английн Лийдс Юнайтед клуб түүнийг авахаар ятгасан ч Андони татгалзжээ. Харин үүнээс дөрвөн сарын дараа Премьер лигийн Борнмут клуб өөрийн дасгалжуулагч болгож чадсан юм. Ираолагаар удирдуулсан “Интоорууд” 2023/24 оны улиралд 48 оноо цуглуулж, лигт 12-р байранд бичигдсэн нь Борнмут клубын дээд лиг дэх түүхэн амжилт болж бүртгэгдсэн байна. Энэ улирлын дараа тэр гэрээгээ дахин 2 жилээр сунгаж, 2026 он хүртэл ажиллахаар тохиров. 2024 оны 11 сард Борнмутынхан Ман ситиг 2:1 харьцаатай буулган авч, тэдний 32 тоглолт дараалан хожигдолгүй явсан цувралыг тасласан юм. Андонигийн 2 дахь улиралд тэд Премьер лигийн 9-р байранд орж, өмнөх амжилтаа сайжруулж чадлаа.
Тэр зун Борнмут клубын өнгөтэй болгоныг томчууд тоносон гэхэд болно. Илья Забарныйг ПСЖ рүү, Милош Керкэзийг Ливэрпүүл рүү, Дин Хойсенийг Реал Мадрид руу, Данго Оуттараг Брентфорд руу, өвөл нь Антон Семенёг Ман сити рүү явуулж, нийт 310 сая еврог тоглогч зарж олсон байдаг. Ингээд Борнмутыг хэцүүхэн улирлыг өнгөрүүлэх болов уу гэж мэргэжилтнүүд төдийгүй хөгжөөн дэмжигчид нь ч таамаглаж, бэлтгэлтэй байсан биз. Гэвч Андонид өөр төлөвлөгөө байсан. Тэр Борнмут клубыг бүр гайхалтай тоглуулж, улирлын төгсгөлд тэд 6-р байраар шалгарч, түүхэндээ анх удаагаа Европын тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Тэд 2026 оны 1 сарын 3-нд лигийн аварга Арсеналд 3:2-оор хожигдсноос хойш лигтээ 18 тоглолт хожигдоогүй гайхалтай амжилтыг үзүүлсэн. Тус клубын түүхэнд Андони Ираола шиг амжилттай ажилласан дасгалжуулагч байхгүй. Ингээд Ливэрпүүлээс дуудлага ирснээр, Андони Ираола нь AFC Борнмут клубын домогт дасгалжуулагч болж, нэрээ мөнхөлсөөр багийг орхисон билээ.
Андонигийн тактик
Ираолагийн тактикийн суурь нь өндөр прессинг, өндөр хэмнэл, хурдан шилжилт гэсэн гурван ойлголт дээр төвлөрдөг. Бөмбөггүй үедээ өрсөлдөгчөө маш сайн шахаж, дамжуулалтын сонголтыг нь хязгаарлана. Бөмбөгийг алдсан даруйдаа counter-pressing хийж, аль болох хурдан буцаан авахыг эрмэлздэг. Үүгээрээ бидний мэдэх Клоппын арга барилтай маш төстэй.
Харин бөмбөгийг авмагцаа хоорондоо хэт олон дамжуулж удаахгүй. Эхний боломжийг урагш чиглүүлж, өрсөлдөгчийн хамгаалалтын ард болон завсрын орон зайд довтлохыг зорьдог. Үүгээрээ бас л Клопптой төстэй. Клопп хэзээ ч тики-така хийж, бөмбөгийг үр дүнгүй эзэмшихийг зорьдоггүй байсан.
Ираолагийн хөлбөмбөгт жигүүрийн тоглогчид болон фулбэкүүдий нөлөө маш чухал гэнэ. Тэд байрлалаа сольж, overlap (бөмбөгтэй тоглогчийн араар гүйх гэх юм уу) хийж тоглох ёстой. Талбайн бүх хэсэгт хүний илүүг үүсгэж (2х1, 3х2 нөхцөл байдал үүсгэх) өрсөлдөгч багийн хамгаалалтыг задлахыг хичээнэ. Товчхондоо бол “бөмбөггүй үедээ шах, бөмбөгөө авбал урагшил, бөмбөгөө алдвал шууд буцааж ав” гэж тодорхойлж болох юм.
Ироала багаа 4-2-3-1 хувилбараар тоглуулдаг. Слот ч мөн Ливэрпүүлд байхдаа ингэж л тоглуулдаг байсан. Гэхдээ энэ бол цаасан дээр л бичигдэх схем. Тоглолтын агуулга, хэв маяг, зурагдсан схемд нэрлэгдсэн тоглогчдын үүрэг гээд тэс өөр арга барилтай. Слот ядаж л шахдаггүй байсан. Зарим үед шахахыг оролдох ч бүтэлтэй болсон нь ховор. Энэ нь мэдээж Слотын тоглолтын ойлголт, хэв маягтай л холбоотой. Харин бид одоо тэс ондоо Ливэрпүүлийг харах болно.
Ироалагийн тоглолтод №10 тоглогч онцгой нөлөөтэй гэнэ. Товчоор бол бөмбөгийн эрх мэдэлтэй, бөмбөгтэй үед урд шугам руу холбох үндсэн ажлыг хийх бол бөмбөггүй үедээ хамгийн түрүүнд шахалтыг эхлүүлэх үүрэг хүлээдэг гэнэ.
Дасгалжуулагчийн ерөнхий бүтэц 4-2-3-1 ч хамгаалалах үеийн байрлал 4-4-2 рүү шилжиж шахна. №10 буюу плэймейкэр нь довтлогчтойгоо нэг шугамд орохыг хэлж буй хэрэг. Ливэрпүүлийн хувьд №10 тоглогч нь Флориан Вирц байх болно. Нэгэнтээ Юрген Клоппын тодорхойлсноор “generational talent” гэж нэрлэгдсэн Вирцийнхээ бүрэн потенциалыг бид энэ жилээс харж магадгүй байна. Брэнданы дор флоп болж явсан Фирмино маань Клоппын эриний амжилтын түлхүүр, багийн уураг тархи болтлоо хувирсан түүхийг бид мэднэ шүү дээ.
Андони Ираолагийн хувьд өөрийн дасгалжуулах философио Марсело Бьелса, Эрнесто Валвердэ нараас нэгтгэсэн гэж үздэг байна. Маш олон алдартай дасгалжуулагчдын роль модел, ментор болсон Марсело Бьелсагийн өндөр хэмнэл бүхий хөлбөмбөг, Валвердэгийн ухаалаг шилжилт, довтолгооны бүтэц бүхий хэв маягтай хөлбөмбөгийг бид одоо Ливэрпүүлээс харах нь ээ.
44 настай Андони Ироала өөрийн дасгалжуулагчийн замналаа эхлүүлэх үеэсээ өөрийн туслах дасгалжуулагч Пабло дэ ла Торретэй дөрөө харшсаар энд хүрчээ. Тэд бүр АЕК Ламакад байх үеэс л хамт эхэлж, огтхон ч салаагүй гэнэ. Клопп маань 2001 онд Майнцын ахлах дасгалжуулагч болох үедээ Петер Кравицийг туслахаараа авсан, Дортмунд болон Ливэрпүүлд хамтдаа ажиллаж, одоо ч Германы шигшээ багт дагаад л очсонтой адилхан юм уу даа. Хөлбөмбөгт амжилттай ажиллахад маш сайн гар нийлсэн баг хэрэгтэй шүү дээ.
Бас нэг зүйлийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Андони Ираолагийн Ливэрпүүл дэх албан тушаал нь менежер бус үндсэн багийн ахлах дасгалжуулагч байх юм. Английн хөлбөмбөг үүгээрээ ялимгүй ялгаатай санагддаг. Жишээлбэл Клопп бол Ливэрпүүлд менежер статустай байлаа. Харин Арнэ Слотын хувьд ахлах дасгалжуулагч байсан. Клубт гүйцэтгэх нөлөө, эрх мэдлийн ялгаа цаана нь оршиж байдаг гэж товчхон тодорхойлж болох байх. Ямартай ч Андонигийн хувьд ахлах дасгалжуулагчаас эхэлнэ, цаашид байр суурь нь менежер болтлоо өсөн дэвжих мэдээж боломжтой. Арсеналын Микел Артета эхэндээ нэгдүгээр багийн ахлах дасгалжуулагч, дараа нь менежер болж өөрчлөгдснийг санаж байна.
Бид Андонигоос юу хүлээх вэ?
Энэ дэлхийн өнцөг булан бүрт байгаа Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчид түүнээс юу хүсэх нь ойлгомжтой. Ливэрпүүл бол Райо Валекано, эсхүл Борнмут биш. Улирал бүрт цом, ялалтыг л хүсэх болно. Гэхдээ энэ нь тийм амархан биш гэдгийг ч бид бас мэднэ. Хоёрхон жилийн өмнө лигт аваргалсан баг, өнгөрсөн зун түүхэндээ байгаагүй их мөнгө зарлагадаж, багаа сайжруулсан, дахин аваргын төлөө дайрах амбиц нь унтраагүй багт тэр ирсэн. Гэхдээ өнгөрсөн жилийн дэндүү муу амжилт, том багийн тоглолтын хэв маягаа алдаж орхисон баг дээр ирээд байна.
Андони Ираола Ливэрпүүлд санамсаргүй ирсэн гэж бодохгүй байна. Тэр 13 жилийн өмнө тоглогч байхдаа ирэх дөхөж байсан, харин одоо дасгалжуулагчийн дүрээр хүрэлцэн ирлээ. Энэ хугацаанд тэр өөрийгөө хэрхэн бэлдэж, ямар зам туулж, хэрхэн Ливэрпүүлийн жолоог атгахаар болсон түүхийг чадан ядан бэлтгэхийг зорилоо. Хүн бүрийн замнал адилгүй, Андонигийн хувьд хамгийн дороос нь мацсаар энд хүрчээ. Одоо тэр замналынхаа хамгийн том босгонд тулж ирээд байна. Маш олон дасгалжуулагч ийм мөчид бүтэлгүйтсэн түүхийг бид мэднэ. Харин цөөн хэд нь л өөрийгөө баталж, домог болж дуурсагддаг шүү дээ.
Алсдаа цаг хугацаа харуулах биз дээ. Андони Ироалатай Ливэрпүүлийн эрин ийнхүү эхэлж байна. Коп Энд-д намирах Шанкли, Бэйсли, Далглиш, Клопп нарын дэргэд зураг чинь байрших уу гэдэг замналын чинь хамгийн том сорилт байх нь гарцаагүй. Үзүүлээд өгөөрэй Баск эр минь…
Чүүүүүү!!!