20/09/2026
Герман улсын Версмолд хотод зохион байгуулагдсан " Нийгэмлэгүүдийн нээлттэй өдөрлөг" -т амжилттай оролцлоо.
Версмолд хотын 30 гаруй нийгэмлэг, холбоод өөрсдийн үйл ажиллагаа, зорилгоо олон нийтэд танилцуулсан энэхүү өдөрлөгт оролцож, 23,000 гаруй хүн амтай тус хотын иргэдэд Монголынхоо өв соёл, үндэсний уламжлалыг сурталчлан таниулсандаа бид маш их баяртай байна.
Манай “Хүчтэн” холбооны хамт олон талбайн төвд Монгол асараа барьж, Монгол Улсынхаа Төрийн далбааг мандуулан, Монгол үндэсний сур харваа болон үндэсний бөхөө олон нийтэд танилцууллаа.
Мөн Ууганаа, Солонго, Ганаа ,Отгоо нар маань монгол үндэсний амтат хоол, гэрийн хуушуур, цуйван, сүүтэй цай болон төрөл бүрийн ундаагаар зочдоо дайлж, хүрэлцэн ирсэн олон нийтэд Монголынхоо ахуй соёл, хоолны уламжлалыг танилцуулсан нь маш сайхан хүлээн авалттай байлаа.
Энэ өдөр бид хотын дарга, хүндэт зочид төлөөлөгчид, хүүхэд багачууд болон нутгийн иргэдэд Монгол үндэсний бөхийн түүх, уламжлалын талаар ярьж, гараа, дэвээ, шаваа, үндсэн мэх болон мэхийн хувилбаруудыг үзүүлэн таниулсандаа баяртай байна.
Монголынхоо өв соёлыг Европт, ялангуяа Герман улсад төрж өсөж буй хүүхэд багачууд болон нутгийн иргэдэд таниулан сурталчлах нь бидний гол зорилгуудын нэг юм.
Энэхүү үйл ажиллагаанд цаг зав, сэтгэл зүрхээ зориулан хүрэлцэн ирж, “Хүчтэн” холбооныхоо үйл ажиллагааг дэмжин оролцсон
Сүхбаатар & Баярмаа – Paderborn
Байгалмаа, Булгаа, Отгоо – Bielefeld
Ганаа & Ууганаа – Goesfeld
Т. Авидхүү – Werl
Солонго – Steinhagen
Uwe Heidler – Borgholzhausen та нартаа чин сэтгэлээсээ талархаж байна.
Та бүхнийхээ цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье!
Монголынхоо өв соёлыг хамтдаа түгээн дэлгэрүүлж, хүүхэд залуусынхаа ирээдүйд өвлүүлэн үлдээцгээе.
Амжилт — Хамтын Хүч! 🇲🇳
" Хүчтэн " Холбооны хамт олон