10/10/2023
АФГАНИСТАНЫ ШИГШЭЭ БАГ
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ, 2027 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд энэ Пүрэв гарагт эхэлнэ. Гурван жилийн дараа Канад, АНУ, Мексик гэсэн гурван улсад зэрэг зохион байгуулагдах ДАШТ-д түүхэндээ анх удаа 48 баг оролцохоор болсон. Өмнө нь 5.5 байсан Ази тивийн квот 8.5 болж нэмэгдсэн. 2022 оны ДАШТ-ий урьдчилсан эхний шатанд Брунейг хоёр тоглолтын нийлбэр 3:2-ын харьцаатай хожиж, тус шатыг түүхэндээ анх удаа даван гарсан Монголын хөлбөмбөгийн шигшээ баг энэ удаа Афганистаны багтай таараад буй. Дөрвөн жилийн өмнө бид өөрсдөөсөө чансаа доогуур улстай таарч байсан бол урьдчилсан шатны формат өөрчлөгдсөнтэй холбоотойгоор өөрсдөөсөө 25 байрны чансаа илүү багтай таарч байна. Эхний шатанд Ази тивийн чансаа доогуур 20 баг хоорондоо халз тулж, 10 нь цааш өрсөлдөх эрхээ авна. Тиймээс бид Брунейтэй хийсэн хоёр тоглолтоос ч хүнд хоёр тоглолтын ард гарах нь ойлгомжтой. Манай шигшээ 10-р сарын 12-ны Пүрэв гарагт эхний тоглолтоо Афганистаны талбайд хийнэ. Афганд улс төрийн нөхцөл байдал сайнгүй байгаа учраас тус улсын хөлбөмбөгийн шигшээ баг сүүлийн жилүүдэд Тажикистаны нийслэл Душанбе хотод гэртээ хүлээж авах тоглолтуудаа хийж байгаа. Тажик, Афганы хөлбөмбөгийн холбоо хүзүү сээрээ холбоод 8 жил болж байна. Тэд өнгөрсөн 7 хоногт тоглолт болох газар ирсэн бол манай шигшээ 10-р сарын 8-нд Душанбе хотруу хүлгийн жолоо залсан. Хариу тоглолт 10-р сарын 17-ны Мягмар гарагт Улаанбаатар хотноо болно. Энэхүү нийтлэлээрээ Афганистаны шигшээ багийн талаар мэдэж авсан зүйлсээ та бүхэнтэй хуваалцъя.
ТҮҮХ
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 1959 онд байгуулагдсан бол Афганистаны шигшээ 1922 онд байгуулагджээ. Азийн хөлбөмбөгийн холбооны анхны гишүүдийн нэг. Харин 1948 онд ФИФА-д элссэн. Шигшээ баг нь анхны тоглолтоо 1941 онд Ираны эсрэг хийж, гоолгүй тэнцжээ. Анх ФИФА-д элссэн жилээ буюу 1948 онд Лондонд болсон зуны Олимпын наадмын хөлбөмбөгийн төрөлд өрсөлдөж, Люксембургт 6:0-ээр хожигдсон байна. Тэрхүү цаг мөчөөс хойш Азийн наадам, Олимпын наадам, Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад тогтмол оролцож байсан ч хараахан эрх авч байсангүй. Харин 1984 оноос хойш ЗХУ-Афганы дайн, иргэний дайн, Талибаны дэглэм зэргээс шалтгаалан 2002 оныг хүртэл тэмцээн уралдаанд оролцож чадсангүй. Талибаны дэглэм нуран унасны дараа хөлбөмбөгийн шигшээ баг 2004 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатанд Киргизийн багийг 2:1-ээр хожиж, шигшээ багийнхаа түүхэн дэх анхны ялалтаа нэг юм байгуулжээ. Афганистаны шигшээ хэдийгээр манайхаас хавьгүй эрт үүсгэн байгуулагдсан ч 2006 оноос л ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж эхэлсэн байна. Шигшээ багийн түүхэн дэх хамгийн томоохон амжилт бол 2013 оны Өмнөд Азийн АШТ-д түрүүлсэн явдал байлаа. Тус тэмцээний шигшээд Энэтхэгийн багийг 2:0-ийн харьцаатай хожжээ. 2013 оны 3-р сарын 4-ний өдөр Лаост болсон “AFC Challenge Cup” тэмцээний урьдчилсан шатны хүрээнд Монгол – Афганистаны багууд анх удаа таарч тоглосон байдаг. Тус тоглолтод Афганистаны шигшээ 1:0-ээр хожиж, хэсгээ тэргүүлсэн. 2014 оны зун Афганистаны хөлбөмбөгийн холбоо Өмнөд Азийн ХБХ-г орхиж, шинээр байгуулагдсан Төв Азийн хөлбөмбөгийн холбоонд гишүүнээр элссэн нь түүхэн үйл явдал байлаа. Өмнө нь өөрсдөөсөө чансаа бага Бангладеш, Бутан, Непал, Шри Ланка гэх мэт улсуудын эсрэг тоглодог байсан тэд Иран, Узбекистан, Тажикистан, Киргиз, Туркменистан гэсэн томчуудын эсрэг үзэлцэх болжээ. Ираны хөлбөмбөгийн холбоо мөн 2014 онд Баруун Азийг орхиж, Афганистаны хамтаар Төв Азийн шинэхэн гишүүн болсон байдаг.
ДАСГАЛЖУУЛАГЧ
Одоогоор дэлхийн чансаанд 158-д бичигдэж буй Афганистаны шигшээ багийг энэ оны 4-р сарын 23-наас Кувейт улсын мэргэжилтэн Абдуллах Аль Мутаири удирдаж буй. 2020 онд “AFC Pro” лиценз гардаж авсан 41 настай залуу дасгалжуулагч. Инстаграм дээр 25к дагагчтай (https://www.instagram.com/dstorna/?hl=en). Сошиал медиад тун идэвхтэй нэгэн. Түүний ажиллаж байсан Киргизийн залуучуудын шигшээ, Непалын шигшээ багуудаас харахад хамгийн дуртай байрлал нь 4-1-4-1. Непалын баг түүний удирдлагад түүхэндээ анх удаа Өмнөд Азийн АШТ-д үзүүрлэж, Азийн АШТ-ий урьдчилсан 3-р шатанд үлдсэн. Гэвч Непалын хөлбөмбөгийн холбооны удирдлагуудтай муудалцаж, сошиалд түүнийгээ ил гарган 2022 онд ажлаа хүлээлгэж өгсөн. Тоглогчдоосоо хамгийн түрүүнд сахилга батыг шаарддаг. Тактикийн муугүй мэдлэгтэйгээс гадна өрсөлдөгч багийн судалгааг сайн хийж, сул талыг анзаардаг. Непалын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч болон тэдний шигшээ багийн тоглогчдын дурдсанаар Аль Мутаири маш огцом ууртай, ширүүн арга барилтай. Энэ нь ч үндэслэлтэй байх нэг шалтгаан нь өнгөрөгч зун анх удаа зохион байгуулагдсан Төв Азийн АШТ юм. 6-р сарын 10-наас 20-ны өдрүүдэд Киргизстан, Узбекистан улсуудад болсон тус тэмцээний нээлтийн тоглолтод Киргиз – Афганистаны багууд нүүр тулсан байна. Тоглолтын 97 дахь минутад талбайн эзэн Киргиз гоол оруулсны дараа Аль Мутаири шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, эцсийн шүгэл дуугарахаас өмнө тоглогчдоо аван талбайг орхижээ (https://x.com/90ndstoppage/status/1667592843706380288?s=20). Түүний огцом ширүүн, ууртай дүр төрх үүгээр дуусаагүй. Ердөө сарын өмнө Бангладешийн багтай нөхөрсөг тоглолт хийж байх үеэрээ эсрэг багийн туслах дасгалжуулагчтай ам зөрж, улаан хуудас аван хөөгдсөн.
БҮРЭЛДЭХҮҮН
Ахлах дасгалжуулагч Абдуллах Аль Мутаири ажлаа хүлээж авсан цагаасаа хойш дэлхийн өнцөг булан бүрт тоглож байгаа Афганистан гаралтай, тус улсын шигшээ багийн төлөө тоглож болохуйц тоглогчдын эрэлд гарсан. Үүний ачаар багадаа эцэг эхийнхээ хамтаар улсаасаа дүрвэж, Европ тивд хөлбөмбөгийн боловсрол эзэмшсэн хэд хэдэн тоглогчдыг илрүүлсэн байна. Афганистаны шигшээ баг өнгөрсөн 7 хоногт Монголын эсрэг тоглох 23 тоглогчийн бүрэлдэхүүнээ зарласан бөгөөд Душанбе хотноо 4 дэх өдрөө бэлтгэл хийж байна. Өчигдрийн бэлтгэл дээр Ливанд тоглодог Омид Поползаи, Шведэд тоглодог Моштак Ахмади нар нэмэгджээ. Шигшээ багийн ахлагчаар тоглодог төвийн хагас хамгаалагч Фаршад Ноор бол тус багийн гол түлхүүр. Нидерландын алдарт “Эйндховен” клубийн академид боловсорсон тэрбээр Нидерландын “Рода”, “Камбюр” зэрэг багуудад тоглож явсан. Энэ зун Төв Азийн АШТ-ий хэсгийн тоглолтод хүчирхэг Ираны хаалганд чөлөөт цохилтоос гоол оруулсан гэхээр ямар тоглогч гэдэг нь харагдана (https://www.youtube.com/watch?v=nTfh4oUUuBA). Ингээд Афганистаны шигшээ багийн 23 тоглогчийг клубтэй нь хамт танилцуулъя.
Хаалгач: #1 Фаисал Хамиди (Аттак Энержи, Афганистан), #22 Омид Хаидари (Сорк Пошан, Афганистан), #23 Мохаммад Жан Мохаммади (Афган Мухажир, Иран)
Хамгаалагч: #2 Фарзад Атаие (Абу Муслим, Афганистан), #4 Махбүүб Ханифи (Аттак Энержи, Афганистан), #14 Зэлфи Назари (Сэйнт Албан, Австрали), #12 Нажим Хаидари (Унитас, Нидерланд), #3 Мосавер Ахади (ХИФК, Финланд)
Хагас хамгаалагч: #8 Фаршад Нүр (ДПММ, Бруней), #17 Рахмат Акбари (Торпедо Кутаиси, Гүрж), #5 Адам Нажэм (Баяанкара, Индонез), #21 Яма Шэрзад (Биэл-Биэннэ, Швейцар), #16 Тауфи Скандари (Торсхавна, Фарерын арлууд), #20 Мохаммад Номан Вализада (Истиклал, Афганистан), #6 Нур Хусин (Соутхэнд, Англи), #10 Фаисал Шаеэстэх (Сриниди, Энэтхэг), #7 Мустафа Азазои (Атлас Делменхорст, Герман)
Довтлогч: #11 Омран Хаидари (Торпедо Кутаиси, Гүрж), #18 Омид Мусави (Ахиронас-Онисилос, Кипр), #13 Моштак Ахмади (Питэа, Швед), #15 Мазиар Коухяр (Иорк, Англи), #9 Жабар Шарза (чөлөөт агент), #19 Омид Попалзаи (Нэймэ, Ливан)
ТОГЛОЛТЫН АРГА БАРИЛ
Өмнөх дасгалжуулагч Ануш Дастгир 2018-2023 оны хооронд Афганистаны шигшээг удирдаж байхдаа ихэвчлэн 4-3-3 хувилбараар тоглодог байсан. Ердөө 29 насандаа шигшээгийн ахлахаах томилогдож байсан түүний хувьд одоо Нидерландын дээд лигийн “Алмере Сити” клубт туслах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж буй. Харин одоогийн дасгалжуулагч Абдуллах Аль Мутаири ирсэн даруйдаа 4-1-4-1 байрлалаар тоглож, хамгаалалтад 4-5-1 болон хувирч байлаа. 41 настай дасгалжуулагч дөрвөн хамгаалагч, ганц довтлогчтой хувилбарыг илүүд үздэг. Харин үлдсэн таван тоглогч дундын шугамыг хяналтандаа байлгахыг эрмэлзэнэ. Тэрбээр ажлаас авснаас хойш Киргиз, Иран, Бангдалеш (хоёр удаа тоглосон), Филиппиний багуудтай тоглосон ч эдгээр таван тоглолтод хараахан ялалт байгуулж амжаагүй байна. Ялангуяа өнгөрсөн сард болсон гурван нөхөрсөг тоглолт тийм ч таатай байдлаар дуусаагүй. Хамгийн сүүлд 9-р сарын 12-ны өдөр Майкл Вайсс дасгалжуулагчтай Филиппиний талбайд зочилж, 2:1-ийн харьцаатай ялагдсан. 2017-2020 оны хооронд Монголын шигшээг удирдсан Майкл Вайсс энэ жил Филиппиний шигшээгийн ахлахаар хоёр дахь удаагаа ажиллахаар болсон билээ. Төв Азийн орнуудын хөлбөмбөгийн суурь ОХУ-ын хөлбөмбөгтэй төстэй байдаг бол Афганистаны хөлбөмбөгийн суурь бага зэрэг өөр. Тэдний цөөнгүй тоглогчид Европын орнуудад багаасаа хөлбөмбөгийн боловсрол эзэмшсэнтэй холбоотой байж болох юм. Өрсөлдөгч багийнхаа ур чадвараас шалтгаалж шахдаг. Шахалт ихэвчлэн багийн ахлагч Фаршад Нураас эхэлнэ. Гэхдээ энэ онд хийсэн тоглолтуудыг харвал хэдийгээр нуруу өндөр ч агаарын тулаанд тийм сайнгүй. Эсрэг багийн хөдөлгөөнгүй бөмбөг, алсын дамжуулалтаас хэд хэдэн гоол алдаж харагдсан. Тиймээс манайх шиг цөөн дамжуулалтаар довтолгоогоо дуусгахыг эрмэлздэг багт энэ нь давуу тал байх боломжтой.
11/09/2023
02/07/2021
30/06/2021
29/06/2021
26/06/2021
26/06/2021
24/06/2021
22/06/2021